Нүүр » Үзлэгт хамрагдъя » Хавдар гэж юу вэ?

Хавдар гэж юу вэ?

3 жил 3 сарын өмнө
10485
+8
-2

Хавдар гэж юу вэ? Хавдар нь хүний биеийн эсүүдээс эхэлдэг өвчин юм. Бидний бие сая сая эсээс бүрэлддэг бөгөөд эдгээр нь бүлгээр нэгдэж, эдүүдийг цаашилбал, булчин, яс, уушиг, элэг зэрэг эрхтнүүдийг бий болгодог. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирдаж байдаг. Гэвч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр зарим эс хэвийн бусаар хяналтгүй хуваагдан өсч, эсүүдийн бүтэц холилдон хавдар үүсдэг. Хавдар нь хоргүй болон хортой байдаг. Хоргүй хавдрууд биеийн нэг хэсэгт байрлаж, амь насанд аюулгүй байдаг бол хортой хавдрууд ойролцоох эд эрхтэн рүү нэвчин ургаж, биеийн бусад хэсэг рүү тархдаг. Хавдрын эсүүд биеийн бусад хэсэг рүү тархахыг үсэрхийлэл гэдэг. Хавдар ойролцоох тунгалгийн зангилаагаар, мөн цусаар дамжин үсэрхийлэл өгч, өөр эд эрхтэн рүү тархдаг. Тухайлбал хөхний хавдар элгэнд үсэрхийлэл өгсөн бол элгэнд үсэрхийлэлтэй хөхний хавдар гэж ярьдаг.

 Хөхний хавдар гэж юу вэ?

Хөхний хавдар нь хөхний эсүүдээс үүсдэг. Хөх нь хавиргыг хучдаг цээжний булчин дээр байрладаг ба хөхний булчирхай, хөхний нарийхан сувгууд, өөхлөг эдээс тогтдог. Хөхөнд байдаг жижиг дэлбэнцэр булчирхайлаг хэсгүүдэд сүү үүсч, сувганцруудаар хөхний толгой руу нийлж гадагшилдаг. Хөхний толгой нь хөхний ареола гэж нэрлэгддэг арьсны нөсөөт хэсгийн төв хэсэгт байрладаг. Өөхлөг эдүүд нь хөхний дэлбэнцэр болон сувганцруудын завсрыг дүүргэж байх ба тэднийг хамгаалах жийргэвчийн үүрэгтэй.

Эмэгтэй хүний хөх биений юмны мөчлөг болон настай холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Залуу эмэгтэйн хөхөнд булчирхайлаг эд, сувганцрууд голлодог бол ахимаг насны эмэгтэйн хөхөнд өөхөн эд голдуу байдаг. Хөхний эдэд тунгалгийн судас, тунгалгийн булчирхайнууд орох бөгөөд үүнийг тунгалгийн тогтолцоо гэнэ. Тунгалгийн тогтолцоо нь нянгийн халдвартай тэмцэж байдаг бие махбодийг хамгаалах дархлааны тогтолцоо юм. Хөхний ойролцоох тунгалгийн булчирхайнууд нь суга, эгэм орчим, цээжин дээр, өвчүүний ард бүлэг болон байдаг. Хөхний хавдар сувганцруудаас гаралтай бол сувганцрын хавдар, хөхний дэлбэнцрүүдээс гаралтай бол дэлбэнцрийн хавдар гэнэ. Сувганцрын хавдар бол хамгийн элбэг тохиолддог хөхний хавдрын хэлбэр юм. Хөхний толгой орчим тохиолддог хөхний сувганцрын гаралтай үрэвсэлт хөхний хавдрыг Педжетийн хавдар гэнэ. Үүнд өвөрмөц өөр эмчилгээ шаардлагатай.

Хөхний хавдрын шалтгаан

Хөхний хавдар үүсэхэд нөлөөлөх гол ганц шалтгаан гэж байдаггүй бөгөөд үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс байдаг:

  • Нас (хөхний хавдар аль ч насны эмэгтэйд тохиолдож болох ба нас ахих тусам эрсдэл нь нэмэгддэг)
  • Хөхний хавдрын түүх (урьд нь аль нэг хөх нь хавдартай байсан бол хавдар дахин үүсэх эрсдэлтэй)
  • Хөхний хавдрын гэр бүлийн түүх (хөхний хавдраар өвдсөн хүн гэр бүлд нь байх)
  • Өндгөвчний хавдрын гэр бүлийн түүх
  • 30-аас дээш насны анхны төрөгч болон огт төрж байгаагүй эмэгтэйчүүд
  • Биений юм хэт залуу, бага насанд эхлэх
  • Дунджаас хожуу насанд цэвэрших
  • Таваас дээш жил даавар (гормон) эмчилгээ хийлгэсэн (эстроген+прогестин)
  • Хөх хатуурах (хөхний рентген зурагт өөрчлөлт илэрсэн)
  • Хөхний эд эсийн (биопси) шинжилгээний түүх (эсийн шинжилгээгээр хавдрын бус атлаа хэвийн бус эсүүд /атипик гиперплази/ илэрч байсан)
  • Цээж орчимдоо туяа эмчилгээний шарлага хийлгэж байсан бол (жишээ нь Ходжкиний лимфома өвчний эмчилгээ, 30-аас доош насныханд)
  • Таргалалт (цэвэршилтийн дараа голдуу)
  • Архи, дарс хэтрүүлэн хэрэглэх
  • Жирэмслэлтээс хамгаалах эм удаан ууж хэрэглэх
  • Тамхи татах
  • Хөдөлгөөний хомсдол
  • Зохисгүй хооллолт, тэр дундаа жимс жимсгэнэ, хүнсний эслэгийн хэрэгцээ бага

Хөхний хавдрын шинжүүд

  • Хөх орчим өвдөх
  • Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
  • Хөхний арьс зузаарч өөрчлөгдөх
  • Хөхний толгой татагдах
  • Хөхний сүвнээс цусархаг шүүрэл гарах
  • Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх

Хөхний хавдрын оношлогоо

  • Хөхөө өөрөө долоо хоног тутам шалгаж байх
  • Хөхний үзлэгт орох, эмчдээ өөрийн эрүүл мэнд, гэр бүлдээ хөхний хавдраар өвчилсөн хүн байсан бол өвчлөлийн түүхийн талаар хэлэх
  • Умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд орох үедээ хөхний рентген зураг авахуулж байх (скрининг маммограм)

Хэрэв танд хөхний бэрсүү байвал эмч түүний хэмжээ, хэлбэр, тогтоц, хөдөлгөөнт байдал зэргийг тэмтэрч үзнэ. Хоргүй зангилаа нь хавдраас ихэнхдээ өөр шинж чанартай. Оношийг батлахын тулд эмч тусгай шинжилгээ хийж, хавдар мөн эсэх, хавдрын үе шат, зэргийг тогтооно. Үүний тулд доорхи шинжилгээнүүдийг хийнэ.

Хөхний хавдрын шинжилгээнүүд

Рентген, маммографийн шинжилгээнүүд, ЭХО, компьютер томограммаар хөхний хавдрын хэмжээ, байрлал, тархалтыг тодруулна. Эдгээр шинжилгээ нь ихэвчлэн өвтгөхгүй, мэдээ алдуулалт шаардлагагүй байдаг.

  1. Хөхний хавдрыг эрт илрүүлэх: Маммограм хийлгэсэн ч байсан шаардлагатай тохиолдолд оношлогооны маммограм хийнэ. Маммограм дээр гарсан өөрчлөлттэй хэсгийг оношлогооны маммограм хийлгэх үед хөхний тухайн хэсгийг илүү олон байрлалаас рентген зураг авч тодруулдаг. Маммограм хийлгэх үед хөхийг хоёр талаас нь хоёр шилэн хавтангаар хавчин дарж, зураг авдаг тул танд эвгүй байж болох бөгөөд магадгүй бага зэрэг өвтгөх магадлалтай. Та зураг авч дуустал буюу доод тал нь нэг минутын турш тэвчээртэй байж, шинжилгээгээ өгөөрэй.
  2. Биопси (эдийн шинжилгээ): Хавдрын оношийг баталгаажуулхад эдийн шинжилгээ зайлшгүй хийдэг. Эдийн шинжилгээ авах хэд хэдэн арга бий. Үүнд: 
  • Зүүгээр соруулж авах биопси: Энэ нь тусгай нарийн зүүгээр хөхөнд хатгалт хийж, хавдраас эс агуулсан шингэн хэсгийг соруулж авдаг шинжилгээ юм. Хатгалтын ажилбар хялбар, хурдан байдаг. Гэвч хөх маш мэдрэг тул хатгалтын үед их эвгүй мэдрэмж, өвдөлт өгч болно.
  • Эд тасалж авдаг зүүн биопси: Тусгай эд тасалдаг хөтлөгч зүүтэй биопсийн механик, хагас автомат, бүрэн автомат зүүний төхөөрөмж байдаг бөгөөд том хэмжээний хавдрын эд тасалж авах ба биопсийн хариу баталгаатай байдгаараа сайн арга юм. Үүнийг ЭХО, рентген хяналтын хамт хэсгийн мэдээ алдуулалт хийж авдаг. Ажилбарын дараа богино хугацаанд хатгасан хэсэгт бага зэрэг хөхрөлт үүсч, хөндүүр байдаг.
  • Биопсийн мэс заслын арга: Энэ нь эмнэлгийн нөхцөлд хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг мэс ажилбар бөгөөд хөхний сэжигтэй эд, үүсвэрийг авч, эд эсийн шинжилгээнд явуулдаг юм. Үүсвэрээс хэсэг эд тасалж авах, эсвэл үүсвэрийг бүтэн авах гэсэн биопсийн мэс заслын хоёр төрөл байдаг.

3. Лабораторийн шинжилгээнүүд: Хэрэв биопсийн эдэд хавдар илэрвэл нэмэлтээр дааврын шинжилгээ хийлгэх шаардлага гарна. Уг дааврын шинжилгээ нь цаашдын эмчилгээний тактикт маш их ач холбогдолтой. Зарим эмэгтэйчүүдийн хөхний хавдрын эсүүдийн гадаргууд эстроген, прогестерон гэсэн дааврын холбогч уургууд байдаг. Даавар эерэг хавдрын үед эдгээр даавар нь хавдрын ургалтыг дэмждэг байна. Иймд даавар эерэг хавдрын үед даавар эмчилгээ шаардлагатай байдаг. Даавар эерэг хавдар нь ихэвчлэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд тохиолддог. HER2 уураг хөхний эсийн гадаргууд тодорхой хэмжээтэй байж, хөхний эсийн өсөлтийг зохицуулж байдаг. Гэвч хөхний зарим хавдрын эсүүд HER2 уургийг маш олон тоогоор агуулдаг бөгөөд үүнийг HER2 эерэг хавдар гэж нэрлэдэг. Үүнд өвөрмөц эмчилгээ шаардагддаг юм. Мөн цусны ерөнхий шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Үе шат, ялгарал

Зөвхөн хөхний хэлтэнцэр, сүүний сувганцарт хавдрын эсүүд илэрвэл хөхний эрт үеийн хавдар гэдэг. Үүнийг бүрэн авсан тохиолдолд хавдар тархах эрсдэлгүй гэж үздэг байна. Хэрэв хавдар хөхний сувганцар, хэлтэнцэрээс гадагш хамарч тархсан бол нэвчилтэт хавдар гэдэг. Үүнийг эрт оношилбол эмчилгээ илүү үр дүнтэй байх болно. 
Хөхний хавдар дөрвөн үе шаттай байдаг. Мөн муу, дунд зэргийн, өндөр гэсэн гурван ялгаралтай. Эдгээрийг микроскопийн шинжилгээгээр тогтоодог.

Хөхний хавдрын эмчилгээ

Мэс заслын эмчилгээ: Мэс заслын эмчилгээ ерөнхий унтуулгын дор хийгддэг. Хагалгааны явцад хавдрын бүх хэсэг эрүүл эдийн заагтай бүрэн авагддаг. Мэс засал бол хамгийн элбэг хийгддэг үндсэн эмчилгээ юм. Хөхний хавдрын мэс заслын эмчилгээний хоёр төрөл байдаг:

  • Хөх хадгалах хагалгаа: Энэ нь хөхийг бүтнээр нь бус, зөвхөн үүсвэрийг орчны эрүүл хэсэг эдийн хамт авах хагалгаа юм.
  • Хөх авах хагалгаа: Хөхийг бүтнээр нь авах хагалгаа.

Хагалгааны явцад эмч суга, эгэм орчмын бүх тунгалгийн булчирхайг түүдэг бөгөөд орчин үед цөөн булчирхай түүдэг харуул тунгалгийн булчирхай түүх гэдэг шинэ арга нэвтэрч байна. Хагалгааны сонголтыг мэс засалч эмч хавдрын байдалд зохицуулан хийнэ. Тунгалгийн булчирхайг түүсний дараа шархан дор тунгалгийн шингэн хурж, гар хавагнадаг хүндрэл элбэг тохиолддог бөгөөд энэ нь хагалгааны дараа хэдэн сар, жилээр үргэлжилж болдог.

Туяа эмчилгээ: Туяа шарлага нь хавдрын эсүүдийг гэмтээх нөлөөтэй байдаг. Үүнийг мэс заслын эмчилгээний дараа голдуу хийдэг ба мэс засал хийгдсэн суурин дээр үлдсэн хавдрын эсүүдийг устгадаг. Туяагаар тунгалгийн зангилааны хэсэг сайн эмчлэгддэг боловч суга орчмын шарлага нь тунгалгийн зогсонгишил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Биеийн аль хэсэгт шарж байгаагаас хамааран гаж нөлөө нь илэрдэг. Мөн шарлага хийж буй хэсэгт арьс улайж, хатуурч болдог.

Химийн эмчилгээ: Химийн эмчилгээ нь уухаар шахмал, эсвэл тарилга хэлбэртэй байдаг. Энэ нь хавдрын эсийн ургалт, тархалтыг зогсоож эмчилдэг. Химийн эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, ядрах, үс унах, халдварт өртөмхий болох зэрэг гаж нөлөө илэрдэг.

Даавар эмчилгээ: Лабораторийн шинжилгээгээр даавар эерэг гарвал даавар эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Даавар эмчилгээ нь уухаар шахмал, эсвэл тарилга хэлбэртэй байдаг. Мөн янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг. Жишээ нь цэвэршилтийн үетэй төстэй шинжүүд, үтрээний өөрчлөлт, цочимтгой болох зэрэг гаж нөлөө байдаг.

Эмчилгээний дараа

Хүн бүрт эмчилгээний дараах хяналтын төлөвлөлт өөр өөр байдаг. Та өөрийн эмчилгээнд санаа зовж байгаа бол эмчтэйгээ ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Таны эмнэлгийн баг: Танд хавдрын төвийн эмч нар, сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд бүгд үйлчилнэ. 
Гэр бүлийнхэн, найзууд: Ойр дотнын хүмүүсийнхээ танд туслах гэсэн хүсэл, сэтгэлийг зөвшөөрөн хүлээж авах хэрэгтэй. Хэн нэгэн танд туслахыг хүсвэл тэд юу хийж чадахыг нь хэлж өгөөрэй. Магадгүй тэд хоол хийж, таныг эмнэлэгт хүргэж өгөх зэргээр тусалж болно.

Ижил өвчтэй хүмүүс: Хавдартай хүмүүсийг дэмжих веб сайт, клубт зочлох, эсвэл хавдраар өвчлөөд, эмчлүүлэн эдгэрсэн хүмүүстэй уулзах, утас, интернетээр хүмүүстэй ярилцах, холбогдох зэрэг нь бие биеэсээ туршлага солилцон, бусдаас суралцах, мөн урам зоригтой болоход тустай арга зам юм.

Та өөрөө: Аль болох эерэг, өөдрөг байхыг хичээ. Хавдар өвчнийг яаж даван туулж, ялах талаар таны чадах ямар арга зам байгааг эергээр төсөөлөх хэрэгтэй. Хүн бүр өөрийн хувь заяаныхаа төлөө үүнийг хийдэг. Энэ нь хавдрын төвөгтэй байдлын талаар огт ярихгүй, бодохгүй, үргэлж баяр баясгалантай байх ёстой гэсэн үг биш юм. Харин бие, сэтгэлийн хувьд тайван байх зорилгоор амрах, тайвшрах, бясалгах, цагийг хөгжилтэй өнгөрөөх, идэвхтэй амьдрах үйл ажиллагаанд оролцоно гэсэн үг билээ.

 

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
jabka 202.179.10.230 MONGOLIA
MONGOLIA
4 сар 19 өдрийн өмнө
bailaa yu
Guest
зочин 202.170.69.69 MONGOLIA
MONGOLIA
2 жил 3 сарын өмнө
hi ta buhend ene udriin mend? bi er n huhuu uzuulj onoshluulah gesiin ali emnelegt uzuuleh uu zowlooch nadad hariu ogrei. ta buhend ajliin amjilt